Мэндчилгээ
2022-08-09
img-portrait

Үндэсний дархлаа болсон соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёлын ажилтан Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Аж үйлдвэрийн хөгжлийн хурдац, даяаршин буй нийгмийн нөлөөгөөр суурин иргэншил давамгайлах болсон өнөө үед үндэсний оюун санаа, соёл, урлагаа дэлхий дахинд сурталчлан таниулж, үл давтагдах соёлын илэрхийлэл монгол хүнээ төрт ёс, түүхэн уламжлалаа дээдэлдэг оюунлаг иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч байна.
Миний бие монгол хүний сэтгэлгээний хөгжил, үндэстний аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн нэгэн баталгаа болсон соёлын биет болон биет бус өвөө орчин үеийн дэвшилтэт хослуулан дэлхийд өрсөлдөх соёл, урлагийн бүтээл туурвих нөхцөлийг сайжруулан бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх монгол соёлын нэгдмэл үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, судлан хөгжүүлэх зорилго өвөрлөн ажлаа эхэллээ.
Авьяас билгээрээ амьдрах боломжтой нийгмийг бүтээхийн төлөө нийтийг соён гэгээрүүлэх замаар эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад нийт соёлын салбарын ажилтан, уран бүтээлч, соёл, урлагийн үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд та бүхний санал санаачилга, идэвх оролцоо, хамтын ажиллагаа ихээхэн чухал билээ.
Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн томоохон төлөөлөл болсон Монгол соёлын үнэт зүйлээ хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.
Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд
Чинбатын НОМИН