“МОНГОЛ УРТЫН ДУУ ЛИМБЭДЭХ АРГА-БИТҮҮ АМЬСГААНЫ УРЛАГ” СЭДЭВТ УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН БОЛЛОО
2022-07-29

“Монгол уртын дуу лимбэдэх арга-битүү амьсгааны урлаг” сэдэвт улсын анхдугаар уралдаан саяхан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Соёлын Өвийн Үндэсний Төв, Монголын лимбэчдийн холбоо хамтран 2019 оноос ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Монгол ардын уртын дуу лимбэдэх уламжлалт арга- битүү амьсгааг хойч үед өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнг тодорхойлох арга хэмжээний хүрээнд  “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга-Битүү амьсгаа өвийг өвлөн суралцагчдын Анхдугаар уралдаан”, “Уртын дуу лимбэдэх уламжалт арга битүү амьсгаа-Тогтвортой хөгжил” Эрдэм шинжилгээ-Онол практикийн бага хурал, Лимбэчдийн гала тоглолт зэргийг зохион байгуулсан байна.

Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга-битүү амьсгаа”-ны урлаг нь 2011 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн.

Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой.

Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, “мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ юм. Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндий дэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглэгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршдог.

Анхдугаар уралдааны тэргүүн байранд Өмнөговь аймгаас оролцогч Батбаярын Энхжин, дэд байранд Дорноговь аймгаас оролцогч Ариунцэцэгийн Уранжаргал, гутгаар байранд Дорноговь аймгаас оролцогч Төмөрбаатарын Тогтохбаяр, тусгай байранд  Гантөмөрийн Төмөржин, Мэндбаярын Жигмэдсэрчин нар тус тус байр эзэлж, шилдэг багшаар МУСГЗ Өлзийн Батжаргал, МУСТА Буяндэлгэрийн Отгондүү нар шалгарлаа.

# Сэдвүүд
Мэдээ