ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР – ХҮҮХДИЙН БАЯР
2022-07-29

Хүн төрөлхтний ирээдүй болсон хүүхэд багачуудад хүний эрхийн бүх тунхаглал хамааралтай. Ялангуяа хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг. Иймээс 1924 онд “Хүүхдийн эрхийн тунхаглал” Женевт батлагджээ. 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь хүний эрхийн түгээмэл тунхаглал ба бусад хүний эрхийн талаарх болон олон улсын баримт бичигтэй уялдаатай байлаа. Энэхүү тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж онцлон тэмдэглэсэн аж. Үүнийг үндэслэн  “Хүүхдийн эрхийн тухай конвенц” –ийг 1989 оны 11 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан бөгөөд дэлхийн 191 орон нэгдэн орсон байна. Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн конвенц”-д 5 дахь орон болон нэгдэж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны 05 дугаар сарын 08-ны өдөр батлан улмаар 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

Манай улс 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон талт арга хэмжээ, үйл ажиллагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж байна. 1995 оноос Эх үрсийн баяр болгосон бөгөөд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэж байна.

Үндэстний ирээдүй, эх орны үнэт баялаг, эрхмийн дээд эрдэнэ болсон бүх хүүхэд багачууддаа эрүүл саруул, баяр жаргал дүүрэн өсөж, эрдэм номдоо шамдан суралцаж, эцэг эхдээ ачлалтай, эх орондоо тустай иргэн болон төлөвшихийн ерөөлийг өргөн дэвшүүлье!

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

# Сэдвүүд
Видео
Мэдээ