Мэндчилгээ
2022-07-31

Өнө эртний түүх, соёл, урлагийн арвин өв баялаг бүхий үндэсний соёл, урлаг нь Монголын ард түмний оюуны суурь дархлаа, үе үеийн нандин холбоос болон хөгжсөөр байна. Монгол түмний бүтээсэн  гайхамшигт өв соёлыг үеийн үед тээж, үрээс үрд уламжлуулан өвлүүлж явах их хувь заяаны эзэд болсон соёл урлагийн салбарын нийт уран бүтээлч, ажилтан албан хаагчид, эрдэмтэн судлаач, соёлыг бүтээгч, өвлөн уламжлагч, соёл урлагийг хөхиүлэн дэмжигч хүн бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье!

Үндэсний язгуур уламжлал болон орчин цагийн соёл, урлаг, өв уламжлалаа хадгалж хамгаалан хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд уламжлалт болон орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол үндэстний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүнийг дэлхий нийтийн хүртээл болгон эдийн засгийн эргэлтэд оруулахад соёл урлагийн салбарынхан маань хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Бид “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан соёлын салбарын хөгжлийн бодлогын зорилго зорилтуудын хэрэгжилтийг хангаж, Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль, тогтоомжийн биелэлтийг хангах, сурталчлах, бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд шуурхай удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах соён гэгээрүүлэх их үйлсийн тэргүүлэгч байх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтыг биелүүлэхэд болон соёлын төрөл зүйлийг хамгаалах, үндэсний соёлын дархлаа тогтоох, төлөвшүүлэхэд  цаг ямагт сэтгэл, оюунаа зориулж байгаа соёл урлагийн салбарын нийт уран бүтээлч, ажилтан албан хаагчид та бүхэндээ талархаж байна. Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!

         ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА
Н.МӨНХЗУЛ

# Сэдвүүд
Мэндчилгээ